Бокс

2011-10-12 - П.СЭРДАМБА ДЭЛХИЙН ХОШОЙ МЕДАЛЬТАЙ АНХНЫ БОКСЧИН БОЛЛОО

Бакугийн рингэнд Монголын найман тамирчин нударга з ө р ү ү л с н э э с доод таван жингийн тамирчид олимпийн эрхийн төлөөх тулаанд тунан үлдсэн. Гэвч тэдний хоёр нь буюу П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар өрсөлдөгчдөө хожиж, Лондоны олимпийн “виз” авчээ. Улмаар эрхээ авсан хоёр тамирчин маань өчигдөр медалийн төлөө хүч үзэхэд Сэрдамба ялалт байгуулж, дэлхийн хос медальтай анхны монгол боксчин болсон юм.

49 кг: Гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба дэлхийн хошой медальтай анхны монгол боксчин болж түүхэнд бичигдлээ. Эхний даваандаа гоц мөргөсөн манай аварга дараа нь Камеруны Т.Эссомбаг 11:6-гаар хожиж, 16-д үлдсэн. Улмаар энэ даваанд Колумбын С.Авилагийн эсрэг хүндхэн тулаан хийж, 13:12-оор хожсоноор Лондонд “зодолдох” эрхээ халаасалсан юм. Эхний хоёр үеийн дараа Сэрдамба 8:5-аар илүүрхэж байсан ч сүүлийн раундад өрсөлдөгч нь зоригтой довтолж, оноог тэнцүүлэх дөхсөн. Гэхдээ манай хүн сайн хамгаалсны хүчинд нэг оноогоор ялалт байгуулсан юм. Ийн хоёр дахь олимпдоо хүч сорих эрхтэй болсон тэрбээр өчигдөр Кубын залуу боксчин, 19 настай Е.Веитаг буулгаж авснаар дэлхийн рингнээс хоёр дахь медалиа авах нь тодорхой боллоо.

Сэрдамба залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор хожсон юм. Энэ үед Сэрдамба 6:2-оор тэргүүлж байлаа. Сэрдамба маргааш мөнгөн медалийн төлөө БНСУын Шин Жон Хонтой нударга зөрүүлнэ. Түүний өрсөлдөгч нь 169 см өндөр, 22 настай бөгөөд энэ жил нутагтаа болсон тивийн аваргад түрүүлсэн юм. Мөн 2009 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр тивийн аварга болохдоо нэгийн даваанд манай Сэрдамбыг 25:16-гаар хожиж байлаа. 52 кг: Манай найдваруудын нэг гавьяат тамирчин Н.Төгсцогт Болгар, Энэтхэгийн боксчдыг ялж, олимпийн эрхийн төлөө тулалдах эрхээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Харамсалтай нь Төгсцогт мягмар гаригт эзэн орны боксчин, 2010 оны Европын аваргын мөнгөн медальт Э.Мамишзадед 17:14- өөр хожигдож, Бакугийн рингийг орхилоо. Эхний үе эн тэнцүүхэн өрнөж, азербайжан боксчин 6:5 гэсэн ялигүй давамгайллыг бий болгосон. Харин хоёрдугаар үед Төгсцогт хоёр, өрсөлдөгч нь зургаан оноо авснаар 12:7 болон холджээ. Сүүлийн гурван минутад манай тамирчин давамгайлж, 7:5-аар илүүрхсэн ч эцсийн дүндээ гурван оноогоор дийлдсэн юм.

56 кг: Энэ жил тивийн аваргад аман хүзүүдэж, бэлтгэл сайтай байгаагаа харуулсан Д . О т г о н д а л а й олимпийн эрхээс атгаад алдлаа. Манай хүн өнгөрсөн наймдугаар сард Инчёнд болсон тивийн аваргад хожиж байсан Солонгосын Ли Жин Ёныг уламжлал ёсоор давамгайлж (15:3), шилдэг 16-д үлдсэн. Улмаар олимпийн эрхийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт Ирландын Ж.Невинтэй нударга зөрүүллээ. Эхний үед Отгондалай бага зэрэг илүүрхсэн ч 4:4-өөр тэнцсэн. Харин хоёрдугаар үед өрсөлдөгчөө бүрэн утгаар нь дээрэлхсэн. Нэг удаа бүр хүнд цохилтод оруулж тоолуулсан бөгөөд учраагийнхаа цохилтод бараг өртсөнгүй. Гэсэн ч шүүгч нар ирланд тамирчинд илэрхий тал засч, Отгондалай 7:5-аар илүүрхсэн гэж үзсэн юм.

Өрсөлдөгч нь тав байтугай, хоёр оноо ч авч чадаагүй харагдсан юмсан. Хэдийгээр давуу тал Отгондалайд ирсэн ч хоёр оноо гэдэг тийм ч найдвартай давамгайлал биш болохоор байдал эвгүй байлаа. Харин гуравдугаар үед Невин илүү тоглосон. Ингээд гурван үеийн тоглолт дуусахад хоёр боксчны оноо 18:18 болон тэнцжээ. Дүрэм ёсоор туслах оноо тоолоход Ирланд боксчин илүүрхэж, Лондоны олимпод зодоглох эрхээ авсан юм. Хэрвээ шүүгч шударга шүүгээд, манай хүн өөрөө сүүлийн раундад арай илүү тоглосон бол олимпийн эрхээ авч, цаашлаад медалийн төлөө өрсөлдөх бүрэн боломжтой байлаа.

60 кг: Б.Жавхлан урьдчилан таамаглаж байсан ёсоор Венесуэлийн Э.Манзаниллаг хожиж, шөвгийн16-д шалгарсан. Гэхдээ ялалт түүнд хялбархан ирээгүй. Тулааны эхний үе 6:6-гаар өндөрлөсөн бөгөөд дараагийн хоёр үед манай хүн нэг, нэг оноогоор илүүрхсэнээр (7:6, 5:4) эцсийн дүнд 18:16- гаар хожсон юм. Гэвч Жавхлан олимпийн эрхийн төлөөх хамгийн чухал тулаанд Казахстаны Г.Жаилоувт 19:15-аар (7:3, 6:7, 6:5) хожигдлоо. Хэрвээ түүнийг ялсан бол Энэтхэгийн Ж.Багвантай медалийн төлөө өрсөлдөх байлаа. Олимп, дэлхийн аварга, өнөө цагийн шилдэг боксчдын нэг Украины В.Ломаченко Бакугийн рингэнд ногт ганзагалаж ирсэн ч шөвгийн 16-д Бразилийн Р.Консейсаод 20:19-өөр хожигдож, шуугиан тарив. Украин эр гурван үеийн турш өрсөлдөгчөө нүдсэн ч бокс барьцгүй спорт гэдгийн баталгаа болсон шийдвэрийг шүүгчид гаргаж, бразил залуу ялсан гэж үзлээ. Гэхдээ украинчууд тэр дор нь протест бичиж, шүүгчид бичлэгийг дахин хянасны эцэст Ломаченкод ялалтыг өгсөн юм.

64 кг: Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Сэрдамбын нэгэн адил дэлхийн хошой медальтан болох боломжтой байсан ч өчигдөр хамгийн чухал тулаандаа ялагдлаа. Уг нь манай хүн энэ тэмцээнд тун одтой тоглосон. Тэрбээр эхний гурван даваанд Камеруны Б.Смаилаг 20:10, Сент Люсигийн Л.Марчеллинийг 20:6, Ираны М.Толоутибандбиг 24:9- өөр илт давуу ялж, олимпийн эрхийн болзол хангасан. Гэвч өчигдөр Италийн залуу боксчин, Европын аваргын хүрэл медальт Винченцо Мангиакапред 16:11-өөр дийлдэж, Азербайжаны рингийг орхив. Тоглолтын нэгдүгээр үед манай тамирчин 4:3-аар илүүрхсэн. Харин хоёр дахь раундад итали боксчин гурван оноо авч, хоёрыг алдсанаар тоо 6:6 болон тэнцсэн юм. Улмаар шийдвэрлэх үед Мангиакапре 10:5-аар давамгайлсан байна. Хэдийгээр гавьяат маань медалиа ихэрлүүлж чадаагүй ч гурав дахь олимпдоо хүч сорих эрхтэй болсон нь чамлахааргүй амжилт билээ.

69 кг: Эхний тоглолтдоо Арменийг 10 онооны зөрүүтэй хожсон Б.Түвшинбат удаах тулаандаа ДАШТ-ий мөнгөн медальт Оросын А.Замковойд 14:8-аар хожигдлоо. Орос боксчин дараа нь Голландын С.Даниог 17:5-аар ялж, шилдэг наймд шалгарсан байна.

81 кг: Нэг ялалт авч, 32-д шалгараад байсан С.Эрдэнэбаяр хоёрын даваанд жингийнхээ чансааны дөрөвт бичигдсэн Германы Э.Коэллингд 12:4-өөр хожигджээ. Өнөөх Коэллинг нь дараагийн тулаандаа Кубад хожигдон тэмцээнээ дуусгасан байна. Одоогоор доод найман жинд Орос, Украины боксчид тус бүр таван эрх авсан амжилтаар өнгөлж яваа бол дөрвөн эрхтэй Куба, Энэтхэг, Узбекистан, Казахстан удаалж байна. Түүнчлэн Англи, Америк, Итали, Ирландын ширэн бээлийтнүүд тус бүр гурван эрх авсан байна. Манай эрхээ авч чадаагүй байгаа жингүүдийн тухайд танилцуулахад, 52 кг-д Ази тивээс ганц Узбекистан, 56 кг-д Узбекистан, Тажикистан Лондонг зорих эрхээ аваад буй. Харин 60 кг-д Узбекистан, БНСУ, Энэтхэг, Казахстан, 69 кг-д Казахстан, Энэтхэг, 75 кг-д Япон, Казахстан, 81 кг-д Хятад, Казахстан, Узбекистан, Ираны тамирчид олимпод хүч сорих эрхээ хангажээ.

Ер нь Ази тивийн боксчид ДАШТ-ээс цөөн эрх авах нь манай тамирчдад ашигтай. Учир нь AIBA-гаас Ази тивд нэг жинд зургаан квот хуваарилсан бөгөөд ДАШТ-ээс олон тамирчин эрхээ авчихвал үлдсэн нь ирэх онд зохиогдох ганц тэмцээнээс эрхээ авахын тулд ширүүн тэмцэл өрнүүлэх юм. Одоогийн байдлаар 60, 81 кг-д харьцангуй олон буюу тус бүр дөрвөн тамирчин эрхийн болзол хангажээ. Тиймээс энэ жингийнхэн дараа жилийн тэмцээнд хоёрхон эрхийн төлөө балбалцана гэсэн үг. Тэр ч байтугай 49 кг-д манай тивийн таван тамирчин эрхийн болзол хангасан. Тэгэхээр үлдсэн хэд нь ганцхан квотын төлөө хүч сорино. Гэхдээ энэ дунд манай П.Сэрдамба багтаж байгаа болохоор санаа зовох зүйлгүй. Медальт байрт шалгарсан боксчид өнөөдөр амрах бөгөөд маргааш мөнгөн медалийн, нөгөөдөр аваргын төлөөх тоглолтууд болох юм.


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Боксийн тухай
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 1 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax