Бокс

2011-10-07 - ГАВЬЯАТ ТАМИРЧИН Х.АЛТАНХУЯГ: Луйвардуулаагүй бол олимпоос медаль авах боломж байсан

Монголын боксын түүхийг бичилцсэн “алтан хараацайнууд”-ын нэг, Азийн тивийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Хайдавын Алтанхуягтай ярилцсанаа толилуулъя.

-Та өөрийнхөө түүх намтрыг, боксын спортоор хэзээнээс хичээллэж эхэлснээ ярина уу?

-Би Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн хүн. Намайг таван настай байхад манайх хотод нүүж ирснээр Усны гудамжинд (Одоогийн Циркийн орчим. “ТЦ”) бага насаа өнгөрөөсөн дөө. Боксоор хичээллэж эхэлсэн тухайд гэвэл 1959 онд улсын оюутан, залуучуудын анхдугаар фестиваль гэж болсон юм. Тухайн үед манай Усны гудамжинд байсан “Соёл” нийгэмлэгийн жижиг стадионд хэсэг боксчид ирж, бэлтгэлээ хийсэн юм. Тэд эхлээд гүйж, харайж бие халаалт хийж байснаа бээлий өмсөөд тоглож эхэллээ. Тэр дундаас нэг жижигхэн шар залуу онцгойрч байна аа. Өөрөөсөө ах болов уу гэмээр, бие бялдар сайтай, булчин шөрмөс нь зангирсан өрсөлдөгчтэйгээ их л эвлэгхэн ухаалаг тоглож, бултаж зугтах, довтлохыг хослуулсаар хожсон юмдаг. Тэгээд бокс их гоё спорт юм байна, ерөөсөө боксчин болъё гэж шийдсэн. Гэхдээ хүсэл байвч яаж тэр дороо биелэх вэ. Түүнээс хоёр жилийн дараа 14 настайдаа “Хоршоолол” спорт клубт гавьяат дасгалжуулагч Б.Мишигдорж багшийн секцэнд орсон. Анхны амжилтаа 1963 оны Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадад гаргаж, 60 кг-ийн жинд түрүүлж байлаа.

-1960-аад оны дундуур боксын спортыг нэг хэсэг хориглосон гэсэн. Яагаад тэгсэн юм бол?

-Бокс хөгжиж эхэлснээс хойш таван жил өнгөрч байхад буюу 1964 оноос энэ спортыг хаачихсан. Хүүхэд байсан болохоороо чухам яагаад хориглосныг нь мэдээгүй. Хожим бодоход тухайн үед боксын мэргэжлийн багш, дасгалжуулагч гэж байсангүй, зөв техникээ ч ялгаж салгаж мэдэхгүй өөрсдөө сайн дураараа хичээллэсэн хүмүүс байсан болохоор замбараагүй байж. Дээр нь боксын жаахан дөр суусан залуучууд сахилгагүйтэж, нийтийн бүжиг дээр зодоон цохион хийх нь цөөнгүй байсан юм шиг байна лээ. Энэ бүх шалтгааны улмаас боксыг хориглосон биз. Тэгээд 1967 оноос ахин сэргэсэн. Гавьяат дасгалжуулагч агсан Б.Олзод багш тэр үед ЗХУ-д боксын дасгалжуулагч мэргэжлээр төгсөөд дөнгөж ирчихсэн байсан үе. Багш маань хуучин тоглож байсан биднийг цуглуулаад, дээр нь шинэ хүүхдүүд сонгож аваад сургалтаа эхэлсэн дээ. Ширэн бээлий дахин өмсөж эхэлсэн тэр үед би 23 настай байлаа. Боксын спорт орон даяар жигд хөгжөөгүй байсан тул эхний жилүүдэд хотын аварга шалгаруулах тэмцээн л зохиодог байв. Бараг л улсын аварга гэсэн үг дээ. Түүнд нь зургаа дараалан түрүүлсэн. Мөн хоёр спартакиадын түрүүтэй. Харин улсын аварга шалгаруулах тэмцээнд ердөө ганцхан удаа буюу 1977 онд оролцсон.

-Ямар, ямар жинд тоглож байв?

-Анхнаасаа л 60 кг-ийн жинд тоглодог байсан. Жингээ нэг ч удаа сольж үзээгүй. Надаас хойш манай 60 кг-аас Азийн аварга Г.Батбилэг, ДАШТий мөнгөн медаль, Азийн аварга Р.Отгонбаяр агсан, Азийн аваргын мөнгөн медальт Р.Жамган, “Сөүл-88” олимпийн хүрэл медальт Н.Энхбат, “Барселона-92”-ын хүрэл медальт Н.Баярсайхан, Азийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Т.Үйтүмэн нарын шилдэг тамирчид төрөн гарсан. Одоогийн тамирчдаас 60 кг-д У.Мөнх-Эрдэнэ сайн тоглож байна.

-Жингийн гол өрсөлдөгчид гэвэл хэн, хэн байв?

-Тэр үед 60 кг-д харьцангуй цөөхөн боксчид тоглодог байсан. Хамгийн хүчтэй өрсөлдөгч маань “Замчин”-ы Сүрэнжав гэдэг залуу.

-Хэзээнээс гадаадын хүчтэй тамирчидтай гар зөрүүлж эхлэв?

-Анх 1968 онд Югослав-Монголын уулзалт тэмцээн болж, манайхан Европын хүчтэй тамирчидтай тулалдах завшаан тохиосон юм. Олзод багш маань оросуудаас тэдний талаар мэдээлэл цуглуулж, түүнийхээ дагуу арга тактикаа боловсруулсан. Би Буен Звонков гэдэг тамирчинтай учраа таарлаа. Техникийн хувьд төдийлэн сайн биш ч зайгаа авч байгаад солгой гарын хүчтэй цохилтоор өрсөлдөгчөө унагадаг “Хүнд цохилтын хаан” хэмээх хочтой хүчирхэг боксчин байсан. Багштайгаа зөвлөж байгаад эхний үед ойрхон тулалгүй, хаанаас, хэдийд ямар цохилт ирэхийг нь тандаж, хүчийг нь сааруулж байгаад хоёрдугаар раундаас довтлох тактиктай рингэнд гарсан. Нөгөөх чинь айгаад байна гэж бодсон бололтой “Хүрээд ир, үзье” гэж гараараа дохиж дуудаад л. Би ч анаж байгаад л хамгаалалтаа сулруулах агшинд нь гэнэтхэн хурдтай угсраа цохилтууд хийсэн. Ингээд хоёрдугаар раунд дууслаа. Ирэнгүүт багш “Чиний тактик зөв байна. Гэхдээ гуравдугаар үеийн эхэнд довтлоод хэрэггүй” гэсэн.

Минут хэртэй зугтаатал шар нь гозойгоод ахиад задгай дайраад орж ирж байна аа. Тэгэхээр нь гэнэт сөрж дайраад нөгөө угсраа цохилтууд хийчихсэн. Үзэгчид ч нижигнэтэл алга ташаад, гурван шүүгч санал нэгтэйгээр надад ялалт өгсөн. Ингэж олон улсын чанартай анхны тоглолтдоо ялалт байгуулж билээ. Дараа нь 1969 онд Буриадад болсон “Байкал” сэтгүүлийн нэрэмжит бүх Холбоотын тэмцээнд Чита, Эрхүү, Улаан-Үдийн боксчдыг хожин түрүүлж, энэ тэмцээнд түрүүлсэн анхны монгол хүн болж байлаа. Мөн тус тэмцээний хамгийн техниктэй боксчноор шалгарсан. Улмаар 1970 онд есөн орны тамирчид оролцсон социалист орнуудын Нийгмийг аюулаас хамгаалах яамны “Динамо” нийгэмлэгийн тэмцээнд тоглож, мөн л анхны алтыг нь авсан даа.

-Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн боксчин гавьяат тамирчин Н.Баярсайхан та хоёроос өөр байдаггүй. Тэр тухай ярихгүй юу?

-Ази тивийн аварга шалгаруулах боксын тав дахь удаагийн тэмцээн 1971 онд Иран улсад болсон юм. Манайхан тивийн аваргад анх удаа оролцох хүсэлтээ МАХН-ын Төв хороонд тавиад, дээрээс зөвшөөрөл ирсний дагуу Сөгнөгөрт 45 хоногийн бэлтгэлд гарсан. Сайхан байгаль, тааламжтай цаг агаарт ерөнхий бэлтгэлээ базаасны дараа хотод 14 хоногийн мэргэжлийн бэлтгэлээ хийгээд Тегеранд очсон. Тухайн үед Азид Өмнөд Солонгос, Тайландын боксчдыг хамгийн сайн нь гэлцдэг байв. Тэр тэмцээнд БНСУ, Тайланд тэргүүтэй 13 орны боксчид оролцсон юм. Би эхлээд израилийг хожоод, хоёрын даваанд Тайландын тамирчинтай тоглох оноолт таарав. Тоглохын өмнөх өдөр нөгөөх тайланд чинь зочид буудлын гадаа үндэснийхээ тай боксын өшиглөж, өвдөглөх техникүүдийг үзүүлж, чанга чанга орилж хашгиран, нэг ёсондоо сэтгэлзүйн дайралт хийж байна аа. Хэдийгээр орилж хашгирахаас нь айгаагүй ч гэсэн дотроо жаахан эмээж л байлаа.

Өмнөх тойрогт Пакистаны тамирчинтай хийсэн тоглолтыг нь үзээд гарч ирэнгүүтээ шууд л довтолж балцалцчихдаг, хүнд цохилттой эвгүй нөхөр байна гэж бодсон. Гэхдээ хөл дээрээ сайн ажиллаж чадвал хожиж болох л юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тэр ч арга барилаараа тоглосон. Эхний раундад зүүн гараараа хааяа нэг цохиж, зай мэдэрч ухрах маягтай тоглолоо. Багш руу харвал “Довтлох болоогүй шүү. Гол нь хөл дээрээ сайн ажиллаж, хүчийг нь улам сааруулах хэрэгтэй” гэх юм. Бүтэн үеийн турш тувт зугтаасан болохоор хоёрдугаар раундын дунд хэрээс хөл бадайрч буланд хэд хэдэн удаа шахуулсан. Үнэхээр хүчтэй цохиж байна. Доороос хйисэн цохилт нь элэг бөөр доргиож, гар дээр цохисон нь шуу янгинуулаад л. “Цохилтод нь өртөөд уначих вий дээ” гэж айж байсан ч юуны төлөө энд ирснээ бодоод тэсч байлаа. Хамгаалалт сайн тулдаа арай л уначихаагүй. Энэ үед “Чиний давуу тал чинь баруун гарын шулуун цохилт шүү” гэж Олзод багшийн маань хэлж байсан нь санагдаад өөрийн мэдэлгүй нөгөөх цохилтоо хийчихсэн. Намайг үргэлж зугтаагаад байхаар нөгөөх чинь довтолгоондоо улайраад хамгаалалтаа нэлээд сулруулчихсан байсан хэрэг. Гар тулаад явчихсан, тэр нөхөр ч унасан.

Шүүгч найм тоолж дуусангуут нь ухасхийж ирээд ахиад цохиод унагачихлаа. Даанч гүйцээх боломж олдсонгүй, цаг дуусчихлаа. Ингээд гуравдугаар раунд эхлэхэд арслан барс шиг дайрч байсан өрсөлдөгч маань илт айж хамгаалалтад шилжих нь тэр. Нэгэнт санаачлагыг авсан болохоор үргэлжлүүлж дайрсаар оноогоор хожлоо. Финалд Энэтхэгийн боксчин таарсан. Нуруугаар хавьгүй өндөр тэр нөхөр надаас эмээгээд байгаа бололтой. Түүнийг нь ашиглаад шууд л довтолж эхэлсэн. Нэгдүгээр үеийн дунд хэрд угсраа хэдэн цохилт хийчихсэн чинь сөхрөөд суучих. Тоолуулаад босоод ирэхэд нь дороос нь өлгөж цохиод, зүүн хажуугаас нэг татсан чинь ахиад л гуйваад явчихсан. Ингэж цэвэр ялалтаар хожиж, Монголын боксчдоос анх удаа Ази тивийн аварга болсон юм. Дараа 1975 онд нас нэлээд хэвийсэн үедээ буюу 29-тэйдээ Японы Йокохамад түрүүлж, хоёр дахь удаагаа Азийн аварг болсон юм. Эхний даваандаа тайландыг, хоёрт өмнөд солонгосыг хожоод аваргын төлөө Сингапурын тамирчныг хожсон. Тэр синга мэргэжлийн бокст орохоор Японд хоёр сар бэлтгэл хийсэн юм билээ. Зодоонч маягийн өндөр хар нөхөр харагдах. Гэхдээ л сэтгэлд багтаад байлаа. Эхлээд дасгах маягаар өрж, аль гараараа хүчтэй цохидогийг нь мэдээж авахыг хичээсэн.

Баруун гараараа хөөрхөн хүчтэй цохидог юм билээ. Намайг нэг удаа манаруулсан шүү. Дасгаж байгаад угсраа хэдэн цохилт хийтэл дальдраад байсан. Тэгэхээр нь буланд шахаж угсраа цохилтуудаар бөмбөгдчихсөн. Ингэж оноогоор хожиж, хоёр дахиа Азийн аварга болсон юм. Хэрэв 1973 од БНСУ-д болсон тэмцээнд оролцсон бол ахиад нэг түрүүлчих боломж байсан гэж боддог. Даанч манайхан Өмнөд Солонгосыг социалист лагерийн улс биш гээд тамирчдаа явуулаагүй.

-Олимп, дэлхийн дэвжээнд хэрхэн өрсөлдөж байв?

-1972 онд Мюнхений олимпод оролцоод эхлээд хийлж, хоёрт аргентинийг хожоод, гуравт Туркийн тамирчинд 2:3-аар хожигдсон. Үнэндээ бол луйвардуулчихсан л даа. Тэр үед манай улсаас шүүгч байгаагүй болохоор эсэргүүцэл бичээд заргаа олж авна гэдэг бүтэшгүй зүйл байсан л даа. Уг нь түүнийг хожчихсон бол дараа нь Колумбыг хялбархан ялж, дор хаяж хүрэл дээр буух байсан гэж боддог. Харин “Монреаль-76”-д эхний даваандаа Болгарт хожигдсон. Намайг авч явсан Б.Мишигдорж арга барилын хувьд Олзод багшийн маань хааана нь ч хүрэхгүй байсан. Дэлхийн аваргын тухайд гэвэл 1974 онд Кубын нийслэл Гаванад сонирхогчдын анхны ДАШТ болоход Дүгэржав (51 кг)-ын хамт оролцсон. Манай жинд 30-аад орны боксчид байсан бөгөөд эхний даваанд Европын хошой аварга Польшийн Томчиктой тааарч, мөн л хийлгүүлэн 2:3-аар хожигдсон. Тэр үеийн “Советский спорт” сонинд “Ах дүү Монголын боксчид энэ тэмцээнд чамлахааргүй амжилттай тоглолтоо. Ялангуяа залуу тамирчин Х.Алтанхуяг Европын аварга, туршлагатай боксчинтой хүчтэй өрсөлдлөө. Монголын бокс дэлхийд гарах цаг нь ойртож” гэж бичсэн байсан. ДАШТ дөрвөн жил ганцхан удаа болдог байсан учраас ахин оролцох боломж гараагүй. -Тэр үеийн бокс ямар дүрмээр тоглодог байв? -1991 он хүртэл гурван минутаар гурван раунд тоглодог байсан. Дундуур нь нэг хэсэг хоёр минутаар дөрвөн үе тоглодог байлаа. Харин одооноос хуучин хэвэндээ орж байна.

-Хэрхэн дасгалжуулагч болсноо сонирхуулна уу?

-Биеийн тамирын төв зөвлөлийн дарга Ш.Магван гуай надад “Сурч мэдсэн бүхнээ хойч үедээ өвлүүл” гэж хэлсний дагуу Монреалийн олимпийн дараахнаас шигшээ багийн хоёрдугаар дасгалжуулагчаар ажиллах болсон. В.Батбаяр багшийн удирдлага дор 13 жил ажилласан юм байна. Багш болохоор онолын талаас нь зааж зөвлөж, би практик бэлтгэлийг нь хариуцна. Нэг үгээр хэлбэл лап хийчихээд тоглож өгнө шүү дээ. Бултахгүй бол цохиулна, зөрүүлээд өөрөө цохино. Шигшээгийнхэн “Алтаа багштай болгоомжтой орохгүй бол хэцүү” гэлцдэг байсан. Энэ хугацаанд Ц.Амаржаргал, Н.Баярсайхан зэрэг гарын шавь нар бэлтгэсэн. Ер нь тэгээд шигшээгийн бүх тамирчид л миний шавь. Яг өөрөө шавь нараа удирдан оролцсон тэмцээн ч хэд хэд бий. Тухайлбал 1983 оны “Химийн цом”-д Н.Энхбатыгаа авч явж аварга болгож, Софигийн рингэд Ц.Амаржаргал, Р.Отгонбаяр нараа медаль авахуулж, хамгийн сүүлд 1998 оны Бангкокийн Азийн наадамд багаа ахлан гурван хүрэл медаль авч байлаа. Мөн “Шижир алт” клубт ажиллаж байхдаа “Жижиг Үүеэ” хэмээх Г.Ган-Эрдэнэ, Ц.Отгон-Эрдэнэ, Норовбал нарын гурван тамирчинг бэлтгэн гаргаж, шигшээ багт өгсөн. Одоо ч гэсэн дасгалжуулагчийн ажлаас хөндийрч чадахгүй л явна. Шавь нарынхаа байгуулсан “Хангайтан” клубт зөвлөх дасгалжуулагч хийж байна.

-Таныг Монголын дасгалжуулагчдаас БНХАУ-д урилгаар ажилласан анхны мэргэжилтэн гэдэг…

-Тийм ээ, 1990-2005 онд урд хөршид ажилласан. Анх Өвөрмонголд ажиллаад 1993 оны Бүх Хятадын спартакиадаас шавь нараа нэг алт, хоёр мөнгө, хоёр шагналт байр авахуулж, багаараа дөрөвдүгээр байранд орсон. Улмаар Гуанжоу хотод Гуандун мужийн шигшээ багийг бэлдэн спартакиадаас нэжгээд алт, мөнгө, хоёр хүрэл медаль авч байлаа. Дараа нь Бээжинд зургаан сар ажиллаад Хөт хотод эргэн ирсэн. Намайг урд зүгийн мужуудад ажиллаж байхад В.Батбаяр багш Өвөрмонголд ажиллаж байсан юм.

-90-ээд оны Хятадын боксын төвшин ямархуу байв?

-Үнэндээ хөгжлийн төвшин нь тааруубайсан. Гэхдээ мөнгөтэй улс болохоороо сайн дасгалжуулагчдыг аваад, богинохон хугацаанд сайжирсан. Хятад дотроо Уйгар, Шинжааны боксчид хамгийн хүчтэй нь. Тэд ойрхон учраас казах, узбекүүдтэй хамтарсан бэлтгэл байнга хийдэг нь нөлөөлсөн байх. Намайг Өвөрмонголд ажиллаж байхад өмнө зүгийн багууд нь ирж хамтарсан бэлтгэл их хийнэ. 14 хоног бэлтгэл хийгээд явахдаа нэвт шувт судалчихаад яваад өгнө. Дөнгөж явмагц нь дараагийн багууд шууд залгаад ирэх жишээтэй. Ингэж айхтар бодлого явуулсны дүнд Хятадаас өнөөдөр олимп, дэлхийн аваргууд төрж байна.

-Бээжингийн олимпийн 81 кг-д түрүүлсэн Жан Шиаопин өвөрмонгол хүн байх аа. Тэгэхээр таны шавь гэсэн үг үү. Тэр багадаа ямархуу хүүхэд байв. Мөн олимп, дэлхийн аварга Зөү Шиминий тухай хэр мэдэх вэ?

-Жан Шиапон бол Шилийн хотод төрсөн, монгол аавтай, хятад ээжтэй хүүхэд. Хэдий өвөрмонгол хүн ч монголоор бараг ярьдаггүй. Анхандаа тааруухан техниктэй, надад үргэлж загнуулдаг хүүхэд байсан. Зөү Шиминий тухайд гэвэл Гүйжоү мужид байдаг ён үндэстэн юм билээ. Ууулархаг газар байдаг, зэрлэгдүү, дайчин ард түмэн байдаг юм.

-Монголын боксын хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Орос школтой учраас манай тамирчид тэсвэр хатуужил сайтай, цохилт сайтай байдаг. Ер нь Монголын тамрчинтай таарсан хаанахын ямар ч алдартай боксчин биднийг сулхан, бэлэн хоол гэж басдаггүй онцлогтой. Өөрөөр хэлбэл монгол хүнийг илэрхий давамгайлж зодож, хожно гэдэг боломжгүй. Ялах ганц арга нь хуурч, анхаарал суларсан үед нь гол арга мэхээ хэрэглэж байж л хождог. Өнөөдөр боксын спорт хот, хөдөөгүй жигд хөгжиж байна. Хүүхэд, залуус энэ спортод дурлах болж. Нэг жинд олон тэнцүүхэн өрсөлдөгчид гарч ирж байна. Энэ нь Хүүхдийн спортын IV наадам дээр тодхон харагдсан. Мэдээж энэ бүхэн боксоос олимп, дэлхийн аваргууд төрсөнтэй холбоотой. Мөн өмнө нь өөрөө өндөр төвшинд тоглож байсан тамирчид дасгалжуулагч болсноор сайн сайн тамирчид олноор төрөн гарах боллоо. -Танд

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Боксийн тухай
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 3 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax