Бокс

2011-10-06 - М.Пакьяогийн нударганд өртөх дараачийн хүн хэн бэ

Rating: 10.0/10 (2 votes cast)

Филиппиний боксчин Мэнни Пакьяо мэргэжлийн рингэнд 58 тулаан хийсний 53-ыг (үүнээс 38-д хүнд цохилтоор ялжээ) нь ялалтаар дуусгасан супер амжилтын эзэн. Гэхдээ дээрх үзүүлэлтээс илүү хүссэн жиндээ аваргалж чаддаг авьяас нь түүнийг дэлхий дахинаа алдаршуулж байна. Пакьяо одоогийн байдлаар янз бүрийн холбооны долоон өөр жинд аваргалаад байгаа бөгөөд хамгийн сүүлд энэ оны тавдугаар сарын 7-нд Шейн Мослиг ялж, WBOгийн хагас дунд жингийн аваргын бүсийг эзэмших болсон билээ. Түүнд өөр өрсөлдөгч үлдсэн үү, эсвэл зодог тайлах уу? Энэ асуултад хариулах гэж оролдоод үзье.

Хуан Мануэль Маркес-40%

Хамгийн боломжтой хувилбар. Маркес 58 тулааныхаа 52-т нь ялалт байгуулжээ. Тэр дундаа 38 тоглолтыг нокаутаар дуусгасан гэж байгаа. Пакьяогийн хувьд одоо байгаагаасаа 1-2 кг-аар “турах” учир жин хасах зовлон бага. Тийм учраас зөвшөөрөх магадлал өндөр. Тэгээд ч Филиппин, Мексикийн зах зээлээс асар их ашиг олж чадна гэдгээ мэдэх нэрт промоутер Боб Арума яаж ийгээд тэдний тоглолтыг зохион байгуулахыг хичээх нь лавтай.

Мигель Котто-30%

Дунд жингийн суперуудын нэг асан Котто хор шартайгаараа зартай нэгэн. Тиймээс филиппин эрээс даагаа нэхэхийг хүсч явдаг байж ч болох. Хэрвээ тэдний тоглолт болвол өмнөхөөсөө илүү сонирхолтой, үзүүштэй болох магадлал бий. Нэгдүгээрт Пакьяо хагас дунд жинд хэтэрхий цөөхөн тоглолт хийсэн, хоёрдугаарт Мигель хоёр жилийн өмнөх алдаагаа давтахгүй нь тодорхой. Форман-Майорго нарын хоёр дахь тулаан ямар харгис ширүүн болсныг бокс сонирхогчид мартаагүй байх.

Тимоти Брэдли-10%

Түүнийг супер оддын зиндаанд авч үздэггүй боловч хөдөлмөрч, хичээнгүй, өсөх ирээдүйтэй гэдгийг нь бүгд хүлээн зөвшөөрдөг. Үүнийг батлах мэт америк хүү мэргэжлийн рингэнд хийсэн 27 тулаандаа бүгдэд нь ялалт байгуулаад байгаа юм. Мэдээж туршлага нимгэн Брэдли Мэннитэй тулахаас зайлсхийх нь тодорхой. Гэвч Хопкинс, Тейлор нар шиг нэг жинд дөрвөн том холбооны аваргын бүсийг эзэмших амбицтай боксчны хувьд мөрөөдөлдөө хүрэхийн тулд Пакьяог ялах шаардлагатай билээ. Тэгэхээр энэ ондоо багтдаггүй юм гэхэд ойрын 2-3 жилд тэд “зодолдож” л таарах нь.

Виктор Ортис-5%

Яг одоо бол Ортис Майданагаас хариугаа авах туйлын хүсэлтэй, түүндээ ид бэлтгэж буй тул филиппин эртэй тулалдах гэрээнд гарын үсэг зурах нь юу л бол.

Зодог тайлах-5%

Ойролцоо жингийн шилдэг боксчдыг ээлжлэн буулгаж авсаар бараг өрсөлдөгчгүй шахам болсон түүний хувьд бээлийгээ хананд өлгөх л хамгийн оновчтой шийдвэр мэт. Гэвч Пакьяод хийж бүтээх зүйл цөөнгүй, ядаж л “Алдрын танхим”-д нэрээ бичүүлж байж санаа амрах учраас тамирчны замналаа өндөрлөх гэж яарахгүй биз ээ.

Серхио Мартинес-4%

Аргентин боксчны хувьд энэ тоглолт маш чухал. Тэрбээр 71 кг-аас жаахан л хасах бол үндсэн жин нь 58 кг орчим Мэннигийн хувьд жингээ нэлээд нэмэх шаардлагатай. Тэгэхээр Пакьяо Мартинесын бүсийг хураах (үнэндээ бол алдахгүйн тулд) гэж зүтгэхгүй л болов уу.

Владимир Кличко-3%

Украинтай хэлэлцээр хийх Филиппиний ерөнхийлөгчийн багийн бүрэлдэхүүнд мань эр багтан Киевийн эрх баригчидтай уулзах үеэр ах дүү Кличкотой нударга зөрүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн ч цаадуул нь төдийлэн ач холбогдол өгөөгүй юм. Мэдээж гол асуудал нь жингийн зөрүү.

Николай Валуев-2%

Үе үе сенсаац дэгдээх дуртай хэвлэлийнхэн ВалуевПакьяо гэсэн шоуны санааг анх гаргаж ирсэн ч үүнийг бариад авчих промоутер олдохгүй л байна. Боллоо гэхэд ямар ч мундаг аварга өөрөөсөө гурав дахин хүнд, аварга эрийг цохиж унагана гэдэг юу л бол.

Флойд Мэйвэдер-1%

Уг нь тэдний зодоон жинхэнэ гал бутарсан тулаан болно доо. Гэхдээ Флойд эрс татгалзаж байгаа. Үүнийгээ “Пакьяо хамгийн шилдэг нь биш, гэхдээ тийм ч муу боксчин биш гэдгийг би мэднэ. Гэвч бид өөр өөр цаг үеийн төлөөлөгчид болохоор тоглоно гэдэг байж болшгүй зүйл” хэмээн тайлбарлаж байна.

ПАККЬЯОГИЙН СҮҮЛИЙН 7 ТУЛААН

Хэзээ              Хаана           Өрсөлдөгч                                            Раунд      Үр дүн                           Тайлбар

2011.5.17     Лас-Вегас      Шейн Мосли (АНУ)                                12             ялалт                            шүүгчдийн саналаар

2010.11.13   Даллас           Антонио Маргарито (Мексик)              12             ялалт                             шүүгчдийн саналаар

2010.3.13    Арлингтон      Жошуа Клотти (Гана)                          12             ялалт                             шүүгчдийн саналаар

2009.11.14 Лас-Вегас        Мигель Анхель Котто (Пуэрто-Рико)   2                ялалт                          нокаут

2009.5.2     Лас-Вегас        Рикки Хаттон (Их Британи)                  12               ялалт                          техникийн нокаут

2008.12.6   Лас-Вегас        Оскар де ла Ойя (АНУ)                      8               ялалт                          үргэлжлүүлэн тоглохоос

татгалзсан

2008.7.28   Лас-Вегас        Дэвид Диас (АНУ)                                9             ялалт                        техникийн нокаут

2007.10.6   Лас-Вегас       Марко Антонио Баррера (Мексик)     12             ялалт                         шүүгчдийн саналаар

2007.4.14   Сан-Антонио  Жорж Солис (Мексик)                       12              ялалт                           шүүгчдийн саналаар

Р.МАНЛАЙ


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Боксийн тухай
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 5 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax